Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ (“СМТТ УТҮГ” эсхүл “Байгууллага”)-ын өмчлөлийн Нэвтрэлтийн нэгдсэн систем (“Систем”) нь санхүүгийн цахим үйл ажиллагаанд хэрэглэгчийг танин баталгаажуулах, нэг бүртгэлээр санхүүгийн холбогдолтой бүхий л үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хянах, бусад санхүүгийн системүүдтэй нягт уялдаатай ажиллах хялбар шийдэл бүхий систем юм.
Нэг. СИСТЕМД БҮРТГҮҮЛЭХ, АШИГЛАХ
- Системийн хэрэглэгч нь Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр ашиглаж буй байгууллага, түүнээс энэ системээр дамжуулан үйлчилгээ авах зорилгоор системд бүртгүүлсэн аливаа хуулийн этгээд, хувь хүн байна.
- Хэрэглэгч Нэвтрэлтийн нэгдсэн системийг ашиглахаас өмнө системийн “Үйлчилгээний нөхцөл”-тэй танилцаж, тэдгээрийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд системд хэрэглэгчийг бүртгэнэ. Энэ нь хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулах зөвшөөрлийг Үйлчилгээ үзүүлэгчид бүрэн олгосон гэж үзэх үндэслэл болно.
- Хэрэглэгч нь бусдыг төлөөлж эсхүл бусдад үйлчилгээ хүргэх зорилгоор Системийг ашиглах бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийн өмнөөс Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөөр төлөөлж буй этгээдийн өмнөөс хариуцлага хүлээнэ.
- Системд бүртгүүлэх хэрэглэгчээс түүнийг системд бүртгэх, хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэглэгчийг танин баталгаажуулах зорилгоор шаардлагатай хувийн өгөгдлийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
- Хэрэглэгчийн нэвтрэх нууц үг нь хамгийн багадаа 6 оронтой байх ба том үсэг болон тусгай тэмдэгтийг заавал агуулсан байна.
- Нэвтрэлтийн нэгдсэн систем, түүнийг ашиглуулах хугацаанд бий болсон шийдэл, системийн хөгжүүлэлт, шинэ хувилбар, техникийн баримт бичиг болон нэмэлт функцүүд СМТТ УТҮГ өмч байж, зохиогчийн эрх болон түүнд хамаарах онцгой эрх СМТТ УТҮГ-д хадгалагдана.
- Системд хэрэглэгчийн оруулсан мэдээлэл, баримт, өгөгдөл нь Хэрэглэгчийн өмч байна.
- Хэрэглэгч системд нэвтрэхээр тусгай дугаарт баталгаажуулах код илгээсэн мессежний зардлыг өөрөө хариуцна.
Хоёр. ХУВИЙН ӨГӨГДӨЛ
- СМТТ УТҮГазар нь хэрэглэгчийн дор дурдсан мэдээллийг Системд нэвтрүүлэх үндэслэл, зорилгоор хэрэглэгч үйлчилгээ авахаа цуцалж, бүртгэлээс хасуулах хүсэлт гаргах хүртэлх хугацаанд цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
- Овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр;
- Регистрийн дугаар;
- Улсын бүртгэлийн дугаар;
- Утасны дугаар;
- Цахим шуудангийн хаяг;
- Татвар төлөгч бол татвар төлөгчийн дугаар;
- СМТТ УТҮГазар Үйлчилгээний нөхцөлийн 2.1-д заасан мэдээллийг хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, хэрэглэгчийг танин баталгаажуулах зорилгоор ашиглах ба тэдгээрийг хуульд тухайлан зааснаас бусад тохиолдолд ил болгохгүй, бусдад дамжуулахгүй.
- Хэрэглэгч нь:
- Системд хэрэглэгчээр бүртгүүлэхтэй холбоотойгоор СМТТ УТҮГазарт Үйлчилгээний нөхцөлийн 2.1-д заасан мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгож буйгаа хүлээн зөвшөөрч байна.
- Хэрэглэгч СМТТ УТҮГазарт олгосон мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлийг хэдийд ч цуцалж болох ба цуцлах тухай мэдэгдлийг СМТТ УТҮГазарт бичгээр, цахим эсхүл цаасан хэлбэрээр гаргана. Уг мэдэгдлийг гаргахаас өмнө СМТТ УТҮГазрын тухайн мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан ажиллагааг хууль ёсны гэж үзнэ.
Гурав. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- Хэрэглэгч нэвтрэх нэр, нууц үгээ өөрөө зохиох ба түүний нууцлалыг өөрөө бүрэн хариуцаж, аливаа гуравдагч этгээдэд мэдээлэх, дамжуулах, ашиглуулахыг хориглоно.
- Үйлчилгээний нөхцөлийн 2.1-д заасан өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, мэдээллийг хамгаалах үүрэгтэй.
- Үйлчилгээний нөхцөлийн 2.1-д заасан хэрэглэгчийн мэдээлэл алдаатай тэмдэглэгдсэн бол тэдгээрийг залруулж, өөрчлөлт оруулах эрхтэй.
- Хэрэглэгч системийг ашиглан хийсэн аливаа үйлдлийн эрх зүйн үр дагаврыг өөрөө бүрэн хариуцах үүрэгтэй.
- Хэрэглэгч систем дэх бүртгэлээр нь өөр этгээд нэвтэрч байгаа талаар ямар нэг сэжиг төрвөл энэ талаар СМТТ УТҮГазарт даруй мэдэгдэх үүрэгтэй.
- Системийн нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал гомдлыг Байгууллагад гаргах эрхтэй.
Дөрөв. БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ
- Хэрэглэгчээс Үйлчилгээний нөхцөлийн 2.1-д заасны дагуу СМТТ УТҮГазарт өгсөн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд гаргаж өгөх ба бусад тохиолдолд аливаа хэлбэрээр гуравдагч этгээдэд дамжуулах, задруулахыг хориглоно.
Тав. НУУЦЛАЛ
- Үйлчилгээ үзүүлэгч нь системд хэрэглэгч бүртгүүлэх үед түүний дараах мэдээллийг хүлээн авч хадгална. Үүнд:
- Хэрэглэгч иргэний овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар, холбоо барих утасны дугаар, e-mail хаяг зэрэг хувийн мэдээлэл.
- Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн Хэрэглэгчийн IP хаяг, интернэт үйлчилгээ үзүүлэгч (ISP), ашиглаж буй хөтчийн төрөл, төхөөрөмжийн ID мэдээллийг систем ашиглах үед автоматаар цуглуулна.
- Хэрэглэгчийн мэдээллийг дараах үйл ажиллагаанд боловсруулж, ашиглана. Үүнд:
- Системийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй ажиллах нөхцөлийг хангах, аюулгүй байдлын зөрчлийг илрүүлэх, сэргийлэх, шалгах;
- Системийн үйлчилгээнд дүн шинжилгээ хийх, сайжруулах, оновчтой болгох;
- Системийн шинэчлэлт, өөрчлөлттэй холбоотой аливаа мэдээ, мэдээллийг хэрэглэгчид хүргүүлэх.
Зургаа. БУСАД
- Систем нь төлөвлөгөөт засвар, үйлчилгээ хийх зорилгоор хэсэгчлэн болон бүрэн хэмжээнд зогсолт хийж болно.
- Системийг ашиглан үйл ажиллагаа явуулдаг харилцагч байгууллагын мэдээллийн системд гарсан доголдолд СМТТ УТҮГазар хариуцлага хүлээхгүй.
- Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд СМТТ УТҮГазар нь хэрэглэгчид түүний бүртгүүлсэн цахим шуудангийн хаягаар мэдэгдэнэ.
- Хэрэглэгч өөрийн хувийн мэдээлэлд хэдийд ч нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчилж болно.
- Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил үүссэн бол энэ тухай мэдээллийн эзэнд бүртгүүлсэн цахим шуудангийн хаягаар эсхүл системийн мэдэгдэл хэсгээр дамжуулан мэдээлнэ.